Улсын аварга цаачин Б.Баяндалай: ЦАА ЧИНЬ ЦАС ИХ ОРОХ ТУСАМ ТАРГАЛЖ, ӨНГӨ ЗҮС ОРДОГ АМЬТАН

2020-02-17 0

-ЦАА ЗУД ТУРХАНД ТҮҮРТДЭГГҮЙ ТУН АМАР АМЬТАН-

Монгол улсын аварга цаачины болзол хангаад буй Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Бадамын Баяндалайтай ярилцлаа.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Миний жинхэнэ төрсөн уугуул нутаг бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум байдаг юм. 1985 онд цаа буга, ан агнуурын аж ахуй нэртэйгээр Цагааннуур сум байгуулагдахад анх ирээд 35 жил цаа бугаа маллаж байна даа. Ер нь эхнэр бид хоёр хоёулаа хэдэн үе дамжсан цаачин бүлийн хүмүүс. Миний буурал аав Магсар гэж хүн 1900-гаад оны үед 500 цаатай байсан гэдэг. Миний аав цаатай Бадам гэж хүн байлаа.
– Энэ өвөл тайга руу хэр өнтэй оров? Одоо мал сүрэг ямархуу байна даа?
-Манай цаан сүрэг одоо эндээс 100 гаруй км зайтай оторт яваа. Хүүхдүүд маллаж байгаа. Би өөрөө дулаан цагт малладаг. Хүйтэрч ирэхэд нас дээр гарсан учраас даарамхай болоод байна. Цаа бол зуд турханд түүртдэггүй тун амар амьтан шүү дээ. Таван хошуу мал цас ихэдлээ хэцүүрнэ, харин цаа цас ихдэх тусам улам таргалаад, өнгө зүс ороод байдаг. Өөрөө цавчиж идээшилдэг, хаа хамаагүй газар явж өвсний шимтэй сайхныг нь сорлож иддэг учраас түүртэхгүй өвөлжинө. Цас их, уул хяр өндөр байх тусам сайхан байдаг бололтой шүү.
-Анх та хэдэн цаатай байв?
– Миний эхнэрийг Горшигийн Цэцгээ гэдэг. Бид анх 1980 онд айл гэр болсон. Анх манайх гэдэг айл 24 цаатай байсан. Тэгээд яахав өссөөр байгаад одоо 160 гаруй толгой боллоо.


-Таныг улсын аварга цаачин болоход өнгөрсөн жил хамгийн олон цаа тоолуулсан өрх гэдэг бас нөлөөлдөг юм байна. Ер нь танай сум нийт хэчнээн цаа, цаачин өрхтэй юм бол?
– Тийм, тийм. Манайх 160 цаа тоолуулсан. Дээрээс нь бас төл бүрэн авах, тарга тэвээр, хоргодолгүй өсгөх гээд нөлөөлдөг юмнууд бий байх. Монгол улсын хэмжээнд цаа гэдэг амьтан манай энд л байдаг. Нийтдээ 2000 гаруй цааг 60 айл маллаж байна уу даа. Манайх гэдэг айл сумандаа цааныхаа тоогоор тэргүүлж яваа болох.
-Хэдийд төллөдөг амьтан юм, энэ жил гэхэд хэдэн төл авах вэ? Бас цааг нас хүйсээр нь юу юу гэж нэрлэдэг вэ?
– Дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын хооронд төллөдөг. Энэ жил манайх 50 гаруй төл авна. Эцэг малыг этэр, эр цааг зарь, охин цааг мянджиг, төлийг нь хугаш, эр, охин бярууг дунгар, дунгуй гэх зэргээр нэрлэнэ дээ.
-Цааны түүхий эдийн ашиг шимийн тухайд. Жилдээ та цаанаасаа орлого олдог уу?
– За даа, хамгийн сүүтэй цаанаас 250 гр орчим гарна. Ижил олон юм болохоор сааж цуглуулж ааруул, хурууд хийнэ л дээ. Өтгөн чанарын хувьд “аюул” өтгөн. Монгол малын сүүний тослог чанар 16-18 хувь, гэтэл цааны сүүг 70 хувиас дээш тослогтой гэж үздэг. Тэр чигээрээ тос шүү дээ. Цай сүлэхэд их өрөмтгий, чанарлаг. Махыг нь эмийн чанартай, даралтад сайн гээд амьтан хүн захиж байдаг. Бид нар өөрсдөө хэрэглэж л байна, онц гойд юм бол мэдэгддэггүй.
-Махыг нь өдөр тутмынхаа хүнсэнд хэрэглэх үү?
-Хэрэглэнэ, хэрэглэнэ. Гэхдээ хонь мал шиг бөөнөөр нь муулаад байж болдоггүй юм. Монгол орны маань зөвхөн энд л цаа байгаа болохоор өсгөж үржүүлэхэд анхаардаг юм. Хэрэгцээндээ бол яахав, хөгшин хөвөө заазны юмнуудаа хийнэ. Үс ноос гэж юу байхав. Арьсыг нь дэвсэнэ, годоор нь гутал хийнэ. Ааруул хурууд хийж, тос авна. Уналга ачлагад ашиглана.
-Хэд насалдаг амьтан юм?
– 10 нэлээд гарнаа дийлэнх нь. Хорь хүрэх нь мэр сэр бий. Нас дээр гараад ирэхээрээ сүргээ гүйцэхгүй ганц нэгээрээ дэмий тэнэнэ. Тэгээд ирэхээр нь хүнсэнд хэрэглэдэг.
-Сүргийн бүтцийг сайжруулах тал дээр янз бүрийн асуудал яригдаж байдаг. Харин өнөөдрийн тухайд?
– Манай сум дөрвөн жилийн өмнө Тува талаас хэдэн цаа авч ирсэн. Ер нь тодорхой хугацаанд ингэж Тувагаас сэлбэлт хийдэг юм.
-Голчлон ямар өвс ургамал иддэг, өвс ургамлынх нь гарц хэр вэ?
– Цаа өвөлдөө цагаан хөвд иддэг. Зундаа нялх ногоо, цэцэг навч иднэ. 40 шахуу жил нэг газар зуслаа. Тэнд маань жил болгон л иддэг ногоо цэцэг нь гарнаа, гарна. Харин цагаан хөвд бараг байхгүй боллоо. Энэ чинь алсдаа үндэсгүй, газрын өнгөн хөрс дээр 10-15 давтамжтай жижигхэн хэнзэлж ургадаг ийм өвс л дөө. Одоо уулынхаа хяраар бол мэр сэр байна. Цаа өөрийнхөө тэр өвсийг л идэхгүй бол сүү сааль муудна, хүч муу авч, бие хаа давжаарна.
-Цааны эвэр хэдийд унадаг юм, эврээр нь юу хийхэв. Ашиг шим гэж байна уу?
– Цааны өвөр жил болгон унадаг. Хавар, зун, намартаа өвөр нь салаалж их сүртэй сайхан харагдана. Эр цааны өвөр өвөл, охин цааны өвөр төллөсний дараа унадаг. Цаатангууд бид чинь жуулчны улиралд гар урлал хийж амьдралдаа бага сагахан мөнгө олно. Ингэхдээ цааныхаа өвөр дээр сийлбэр хийж ашигладаг юм. Цааны бүх биеийн цусны 60 хувь нь өврөөрөө дамжин биедээ ордог цусан өвөртэй амьтан. Намар өвөр нь хатаж ясан эвэр болоход цус нь доош бууж их биедээ орж хатаж хагдарч унана. Ингээд ахиад шинэ өвөр ургана.
-Хэр бүлсэг амьтан бэ?
– Хүн өөртөө дасгаад байвал дасаад дагаад явдаг. Миний өөрийн унадаг нас бие гүйцсэн зарь надад их дассан. Цаа цас, ус ихтэй үед сүрэглэнэ. Газар хар байх үед нэг нэгээрээ явдаг. Хотолдоггүй болохоор сүрэглэхдээ тааруу амьтан л даа. Хавар намар бол хашиж уяж маллахгүй бол бас хэцүү, хэцүү.
-Тайгын малчдад тулгамдаж буй асуудал олон уу? Та бүхний орлогын эх үүсвэр юу байдаг вэ?
-Орлогын эх үүсвэр гэж юм тайгын хүнд ховор. Тэгээд яахав гар урлал хийнэ. Үндэсний цөөнх гээд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа нэг мөнгө өгдөг болсон тэрүүгээрээ л амьдарч байна. Насанд хүрсэн хүнд сард 190.000 төгрөг, хүүхдэд 95 мянган төгрөг өгдөг. Зуны цагт жуулчдад гар урлалын бараагаа зарна, хөнгөн биетэй хүнд цаагаа унуулна. Тулгамдсан асуудал гэвэл манай хойд талыг тусгай хамгаалалттай газар нутаг гээд авчихсан. Энд цаа малын маань бэлчээр багтаж аюул болж байна л даа. Дархадын хонхорын хойд талаар монгол мал байхын нөхцөлгүй цас ордог зөвхөн ганц цаа л тэнд амьдарна. Энэ газар нутгийг хашаад, хүн амьтан нутаглуулахгүй, бичиг ном хийж торгоно гээд нутаглуулахгүй байсан. Энэ бидэнд их асуудал болж байна.

-БИД ТАЙГАА ТҮШЭЭД ДЭМ ДЭМЭНДЭЭ АМЬДАРЧ ИРСЭН УЛС-

-Та гэр бүлээ танилцуулаач, хэдэн хүүхэдтэй вэ?
– Эхнэр бид хоёр 30 жил ханилж байна. Би өөрөө жар насыг давлаа, эхнэр минь жар хүрэх гэж байна. Бид зургаан хүүхэдтэй, гурван охин, гурван хүү. Охидоо бүгдийг нь дээд сургууль төгсгөсөн. Нэг нь цэцэрлэгийн багш, нэг нь малын эмч, нэг охин маань багш. Том хүү маань тусдаа гарсан, цаагаа малладаг. Дунд хүү, бага хүү хоёр маань аав ээжтэйгээ цаагаа маллаад амьдарч байна.


-Улсын аварга цаачин болсноо хэзээ сонсов? Аварга цаачин болсноо яаж тэмдэглэх бол?
– Гурав хоногийн өмнө сонслоо. Энэ жил сар шинэ тиймэрхүү гарах бололтой. Ямар ч гэнэ үү нэг вирусээс болж. Гэхдээ хөдөөний бид нар зохих ёсоор тэмдэглэж л таарна.
-Тайгын амьдрал, цаатан түмний амьдралын онцлог юу байдаг вэ?
-Амьдрах чадвар шаардсан газар шүү, энэ чинь. Үргэлж уул тайга, эзгүй хээр нутгаар л явдаг улс. Янз бүрийн асуудал их байна. Зарим жил малаа барна, ханиад томуу хүрнэ. Гэхдээ яахав, яахав хэдэн үеэрээ амьдраад ирсэн тайгаа түшээд бид чинь дэм дэмэндээ л явдаг улс.
-Дэм дэмэндээ гэснээс та хоёрыг залуу гэр бүлийг дэмжиж тусалж амьдралд хөлөө олтол нь түшиг болдог гэж сумынхнаас сонслоо?
– Ай, хүний өөрийн үр ялгаа юу байхав. Бид хоёр дөрвөн ч залуу айлыг дэмжиж тусалж айл болгосон, болгосон. Амьдрал ахуйд чигийг нь олуулаад хөл гарыг нь хөдөлгөх юмтай болгоод орхичилгүй тэгээрэй, ингээрэй гээд мэдэх чадах юмаа одоо ч хэлж л сууна.
-Тува зүгээс малын хулгай байдаг гэж сонсогддог. Танай энүүгээр гайгүй юу?
-Гайгүй дээ. Манайх чинь Тувагаас хол. Гол горхи, уул тайга өндөртэй болохоор тува нар наашаа саналтгүй.
– Танд баярлалаа. Өөр нэмж хэлэх зүйл байна уу?
– Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Та бүхнийхээ ажлаар дамжуулаад Улаан-Уул суманд суугаа хүргэн ах Ж.Гунгаа, дүү Б.Цэндсүрэн, Улаанбаатар хотод суугаа ах Б.Хүүжий, бэр эгч Өлзийт, ах Б.Тэрбиш, Тэрэлжид суугаа ах Б.Жанжин, бэр эгч Сонинхүү болон тэднийхээ үр хүүхэд, бүх ахан дүүс, нутгийн түмэндээ сар шинийн мэнд хүргэе.

Монгол улсын болон Цагааннуур сумын хамгийн олон цаатай Хөвсгөл аймгийн хошой аварга, улсын аварга цаачинтай ийнхүү хөөрөлдлөө. Хоёр хөгшин цаагаа төллүүлж дуусаад ханиад томуу гайгүй шиг бол Улаанбаатар хот орж настангууддаа золгох санаа байна гэж хуучилснаар бидний яриа өндөрлөсөн юм.

Холбоотой мэдээ

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /

2020-12-09

Г.Баасан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүртэлх өртөгтэй бол авлигад тооцогдоно

Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баа

2020-12-09