“Алдарт эх”-ийн нулимс буюу хүүхдийг насаар нь ялгаварласан Монгол төр

2020-02-10 0

-ЭХИЙН СЭТГЭЛИЙГ УРСАН МОНГОЛ ТӨР- 

Төрийн одон медалийг баруун, солгойгүй цацдаг Монгол Улсад хамгийн үнэ хүндтэй, шударга, нүдээ олсон нь алдарт эхийн I, II одон гэдгийг ихэнх нь хүлээн зөвшөөрнө. Тиймээс ч бүгд л одонтой ээжээр бахархдаг. Эмэгтэйчүүдийн олон улсын эрхийг хамгаалах өдөр, эх, үрсийн баярыг айл гэрт одонтой эхчүүд, улс орны хэмжээнд шинээр одон авч буй эхчүүд яах аргагүй чимдэг. Энэ бол Монголд тогтсон уламжлал, монголчуудын сэтгэлгээнд шингэсэн үнэлэмж. Энэ уламжлал, үнэлэмж нь хуульд хүртэл тусгалаа олж, алдарт эхийн одон авах болзлыг нарийн заасан байдаг. Яг энэ цаг үед улс орон даяар одон авах ээжүүдийн материалыг харьяа хороо, сумын захиргаанд хүлээн авч байна. Гэвч дөрвөн хүүхэд төрүүлсэн ч одонгийн шалгуур хангахгүй байна гэх тайлбар сонсоод буцаж байгаа ээжүүдийг харахад сэтгэл өвдмөөр. Гэхдээ тэр ээжүүдийн сэтгэл бүр ч их урагдаж байгаа.

-ТОМ ХҮҮХЭД НЬ АМЬД БАЙХАД ХАМГИЙН БАГА НЬ ОЙ ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ-

Тэдний төлөөлөл болсон нэгэн ээжтэй саяхан Баян-Өлгий аймагт ажлаар явахдаа таарав. Өөрийгөө А.Г гэж танилцуулсан тэр эмэгтэйн анхны хүүхэд нь төрөлхийн саажилттай гарч, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Хүүг долоон нас хүртэл нь А.Г дахиад гурван хүүхэд төрүүлсэн байна. Харамсалтай нь, хамгийн бага хүүхэд нь нэг ой хүрэхээс өмнө хамгийн том хүүхэд нь энджээ. Тухайн үед бага хүүхэд нь зургаан сартай байсан бөгөөд холбогдох байгууллагад одонгийн материалаа бүрдүүлээд өгөхөд “Том хүүхэд нь амьд байхад хамгийн бага нь заавал нэг нас хүрсэн тохиолдолд одонгийн болзол хангасан гэж үзнэ” гэх хариу тайлбар өгчээ. Тэрбээр энэ талаар “Дөрвийн дөрвөн хүүхэд тээж, төрүүлж, өсгөөд, эмнэлэгт бүгд бүртгэлтэй байхад яагаад ийм хатуу хандаж байгаа юм бэ” хэмээн ярихдаа хоолой нь чичирч, нулимс нь асгарч байсан юм.
Монголын баруун хязгаарын алслагдсан аймгийн оршин суугч А.Г бол 2010 онд баталсан Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт 2011 оны тавдугаар сарын 27-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн улмаас ялгаварлан гадуурхалд өртөж буй олон ээжийн нэг юм. Тухайн үеийн парламент уг хуулийн 3.1.1 дэх заалтад “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн ээж”-д уг хууль үйлчлэхээр зохицуулсан. “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэг нь бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байх ёстой гэсэн үг юм. Тиймээс бага хүүхэд нь нэг нас хүрсэн ч ах, эгч нар нь ямар нэг байдлаар эндсэн бол тухайн ээжийг дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэж үзэхгүй байгаа хэрэг. Бас хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхсан тул Үндсэн хуулийн 14.2 заалтыг зөрчсөн, хүний эрхэд суурилаагүй зохицуулалт. Хүүхдэд ээлгүй, хүүхдийн эрхийн хуулиудаа хэрэгжүүлдэггүй, хүүхдийн гэсэн болгоныг үгүй хийсэн, хүүхэд эрүүл аюулгүй орчинд хөгжиж төлөвших орон зай дэндүү давчуу энэ улсад эрүүл саруул, бүрэн бүтэн хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг ямар ч гэр бүлийн хувьд хамгийн хүнд даваа болсон цаг. Хамгийн сүүлийн жишээ бол Дархан-Уул аймгийн нэгэн гэр бүлд тохиолдсон эмгэнэлтэй явдал. Үүн дээр нь нэмээд тухайн гэр бүл нэг бяцхан гишүүнээ алдсан уй гашууг нь төр үл хүндэтгэж буйн томоос том жишээ, хахир хатуу бодлогын илрэл нь уг хуулийн нэмэлт өөрчлөлт юм.

-БОДЛОГО НЬ СОХОР, ШИЙДВЭР НЬ МУНХАГ ЭРХ БАРИГЧИД-  
Уг нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн даргалдаг Өргөдлийн байнгын хорооны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцсэн юм билээ. “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгож, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн орчны талаар иргэд, төрийн бус байгууллага болон Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн зүгээс ирүүлсэн өргөдөл гомдлын дотор энэхүү асуудал багтсан байв. Зөвхөн 2015-2019 онд одонтой ээжүүдэд өгдөг тэтгэвэр, мөнгөн тусламжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар 100 гаруй өргөдөл гомдол ирсэн байна. Үүний дотор уг нийтлэлээр хөндөж буй асуудал ч багтсан байсан юм. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд хүүхдийн тоо харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонг олгох талаар хэлэлцэхэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Иргэдийн ирүүлсэн өргөдлөөс харахад тухайн ээж дөрөв болон зургаан хүүхэд төрүүлсэн боловч хамгийн бага хүүхэд нь төрөөгүй, эсхүл төрөөд нэг нас хүрээгүй байхад өмнө нь төрүүлсэн хүүхэд нас барсан иргэдийн хувьд хүүхэд төрүүлээд өсгөн хүмүүжүүлж байгаа гэсэн хуулийн шалгуурыг хангахгүй байгаа юм” хэмээх тайлбар өгсөн байдаг.
Түүх сөхвөл, анх олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд одон өгч, тэтгэвэр өгөх хууль одоогоос 63 жилийн тэртээ 1957 оны дөрөвдүгээр сарын 3-нд гарч байжээ. Тав болон найман хүүхэд төрүүлж өсгөсөн хэмээн одоогийнхоос арай өндөр шалгууртай байсан ч бага хүүхэд нь нэг нас хүрэх хугацаанд өмнөх хүүхдүүдээс нь эндсэн ч түүнийг хүүхдийн тоонд оруулан тооцдог байжээ. Тухайн үед алдарт эхийн одон, түүнийг дагалдсан тэтгэвэр, мөнгөн урамшуулал нь хүн амаа өсгөх олон бодлогын нэг хэсэг байсан бөгөөд үр дүнгээ ч өгсөн гэдэг нь одоо харагддаг. Харин цаг хугацаа хагас зуун гаруй жилээр улирч, нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөж, амьдрах орчны саад бэрхшээл нэмэгдэж байхад тэрхүү бодлогоо цаг үедээ тааруулан өөрчлөхгүй байгаа нь төрийн бодлого сохор, шийдвэр мунхагийн шинж ч юм шиг.
Дээрх хуулийн 3.1.1 дэх хэсгийг яагаад өөрчилсөн шалтгаан үнэхээр бүрхэг. Одонтой эхчүүдийн тоо олширч, тэтгэмжийн зардлыг нь төсөв даахгүй гэж болгоомжилсон хэрэг үү эсвэл хүн амаа өсгөх бодлого хоцрогдсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу. Эс бөгөөс угаасаа Монгол төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч эрхмүүд хууль тогтоомж боловсруулахдаа хүний эрхэд суурилсан хандлагагүй, өнгөрснөө санагалзах түмний сэтгэхүйд тааруулдаг явцуу арга барилаасаа салахыг хүсэхгүй байна уу. Сүүлийнх нь хувилбар бодит байдалтай нийцэх ч юм шиг. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах хууль нь ХЭРЭВ хүн амаа өсгөх “уламжлалт” бодлогын үргэлжлэл юм бол үнэхээр үеэ өнгөрөөж, хоцрогджээ. Оронд нь гэр бүлийг дэмжих бодлого далайцтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одонтой эхчүүдийн тэтгэвэрт жилд 30 орчим тэрбум төгрөг нийгмийн халамжийн сангаас зарцуулдаг бол Монгол Улс гэр бүлийн хөгжилд зориулж төсөвлөдөг мөнгө 300 сая төгрөг ч хүрдэггүй. Тиймээс юуны өмнө энэ санхүүжилтийг нэмж, одоо УИХ-д хэлэлцэгдэж байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиудад гэр бүлийн хөгжлийг дэмжсэн, эхнэр, нөхөр хоёр гэр бүлийнхээ амьдралд, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ижил тэнцүү оролцох эрхийг нь нээж өгмөөр байна. Сургуулийн наснаас нь гэр бүлийн боловсрол олгох зохицуулалт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан. Гэхдээ нэн тулгамдсан нэг асуудал байгаа нь ЕБС-аа төгссөн, ойрын 5-10 жилд гэр бүл болох насныханд чиглэсэн бодлого үнэхээр их үгүйлэгдэж байна. Хөдөмөрийн тухай хуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүст ажил хөдөлмөр эрхлэх ялгаварлалгүй орчин бий болгож, залуу хүмүүст гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслүүд хүртээмжтэй байх, амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн зэрэг олон олон ажил зэрэг хийхгүй бол бид хэдий болтол хүүхэдгүй мэт хөдөлмөрлөж, ажил хийдэггүй мэт хүүхдээ хүмүүжүүлэх ацын шалаанд аж төрөх юм бэ.

-ҮРС НЬ ЭНДСЭН ЭЭЖҮҮДИЙН ГАШУУН НУЛИМС- 

Өдгөө дэлхийн хөгжлийн өсөлтийг тэргүүлж буй Азийн олон оронд гэр бүлд чиглэсэн бодлогын ачаар төрөлт нэмэгдэж, 1970-1980 оны эдийн засаг, хөгжлийн их үсрэлт бий болсон гэж хүн ам зүйн мэргэжилтнүд үздэг. Харин хүний эрхийг дээдэлсэн Скандинавын орнуудад хөдөлмөрийн зах зээлд жендерийн тэгш байдлыг хангаснаар тухайн гэр бүл, ажил олгогч, улс оронд аль алинд нь үр өгөөжөө өгч байна. Өөрөөр хэлбэл, хүн амаа өсгөх бодлого зөвхөн эмэгтэй хүний нуруун дээр, төрөлтийг дэмжсэн ч ялгаварлан гадуурхлаар дүүрэн одон медаль, хавтгайрсан халамж хэлбэрээр явдаггүй. Үүнийг үл тоон хоцрогдсон арга барилаараа нийгмийн бодлогыг чинээнд нь тултал зүтгүүлэвч “Эхийн алдар” одон нь амьжиргаа сайтай гэр бүлийн хувьд баярхал, бахдал нь үл ялгагдаж, харин эмзэг хэсгийнхэн жилд олгодог 100-200 мянган төгрөг нь ихдээ л долоо хоногийн амьжиргаанд нь арай ядан хүрэлцэж байна. Харин эндсэн үрс, тэдний ээжүүдийн хувьд ялгаварлан гадуурхлын гашууныг мэдрүүлж буй. Хүн амаа дэмжих бодлого дампуу явааг бүр том зургаар нь харвал тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурахгүй, гэр бүл салалт жилээс жилд нэмэгдэж, хүн амын гуравны хоёр нь сэтгэл зүйн эмгэгтэй, хөдөлмөрийн зах зээл тэнцвэргүй, цагаач монголчуудын арми тэлж, ажилгүйдэл, ядуурал 30 жилийн өмнөхөөс дээрдэхгүй байна шүү дээ.

 Тиймээс ул болсон хуучныг халж, зул болох шинийг нэвтрүүлэхгүйгээр нийгмийн бодлого байгаа онохгүй, хавтгайрсан халамж амласан дампуу бодлого чинь төсөвт ачаалал нэмж, татвар төлөгчдийн нуруу хугарахад энүүхэнд байна.

  Эх сурвалж : “Ардчилал таймс” сонин 

Холбоотой мэдээ

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

20 алба хаагчдад тус бүр таван сая төгрөгийн тусламж үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг ”ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөг

2020-12-30