ЭМЯ: ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна

2020-01-29 0

ХӨСҮТ-Д 13 ХҮНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ 

ЭМЯ дахин мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд шинэ коронавирусийн халдвар  Монгол улсад бүртгэгдээгүй гэлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаж, 14 хүний онош үгүйсгэгдсэн байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан шинж тэмдэгтэй 29 зорчигчийг тусгаарлан шинжилгээ хийснээс 14 хүний онош сөрөг гарчээ. Тодруулбал, Хонгконг болон Архангай, Ховд, Хэнтий, “Дэрэн” хөлбөмбөгийн клубын хүүхдүүд, Бээжингээс ирсэн зорчигчдоос коронавирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Одоо шинжилгээ хийгдэж буй 18 хүн байна. 2020.01.28-ны өдрийн байдлаар улсын хил зургаан аймгийн найман хилийн боомтоор 1966 Монгол Улсын иргэн нэвтэрч холбогдох журмын дагуу тандалт хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

ЭМЯ томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчлөл нь ихэнхдээ уушгины хатгалгаагаар хүндэрдэг болохыг тодотгов. Энэ нь эрс тэс цаг уур амьсгалтай, агаарын бохирдолтой холбоотой аж. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 16.2 хувийг эзэлж байна.

16 УЛСАД КОРОНАВИРУСИЙН 56 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН 

Энэ үеэр хүн амын дунд түгшүүртэй байдал үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл өглөө. Тэрбээр,

“БНХАУ-ын ЭМЯ-наас авсан мэдээллээр өвчилсөн хүний тоо 5974, нас барсан хүний тоо 132, сэжигтэй тохиолдлын тоо 9239-д хүрчээ. БНХАУ-аас бусад 16 улсад коронавирусийн батлагдсан 56 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 976 хүн сэхээн амьдруулах тасагт, бүрэн эдгэрсэн 193 хүн эмнэлгээс гарсан байна.  2020 оны нэгдүгээр сарын 28-нд ДЭМБ-ын удирдах албаныхан БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, коронавирусийн эсрэг авах зарим арга хэмжээнүүдийн талаар ярилцсан. БНХАУ-д коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш ДЭМБ-аас дэгдэлт өндөр гэж үнэлсэн, Халдварын тархалтыг бууруулах, биологийн сорьцуудыг ДЭМБ-д өгөхөөр тохиролцлоо. Өнөөдрийн байдлаар ДЭМБ-ын дөрвөн бүсийн 14 улсад коронавирусийн 56 тохиолдол батлагдаад байна. Эдгээр тохиолдлын 43 нь Үхань мужид бүртгэгдсэн.

Тархалзүйн мэдээллээс харахад коронавирусээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс байгаа юм. Нас баралт 2.3 хувьтай байгаа нь 2003 онд дэлхий нийтэд тархсан САРС-ын дэгдэлттэй харьцуулахад харьцангуй бага байна. САРС-ын дэгдэлтийн үеэр нас баралт 6-8 хувьтай байсан. Коронавирусээр халдварласан хүмүүсийн хувьд ихэнх нь хөнгөн, нийт тохиолдлын 20 хувь нь хатгалгаагаар хүндрэх хандлагатай байна. Хэрэв ханиалгах, халуурах, амьсгал давхацсан шинж илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Энэ нь иргэний үүргээ биелүүлж буй хэрэг юм. Мөн улс орондоо халдварын тархалтыг хязгаарлах чухал арга хэмжээ болно.

Мэдээлэл бүрхэг байгаа өнөөгийн нөхцөл байдалд олон нийтийн дунд санаа зовсон байдал үүсдэг учраас ЭМЯ, ДЭМБ-ын мэдээллийг л дамжуулж байхыг хэвлэл мэдээллийнхнээс хүсье. Залруулга хийхэд нэгдүгээр сарын 28-нд Австралийн талаас Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл өгч, гурван цагийн дараа үгүйсгэгдсэн. Тиймээс Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй” гэж хэллээ.

Холбоотой мэдээ

Ихэнх нутгаар явган болон зөөлөн цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар цас орж, нутгий

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01