Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт корновирусыг оношлох оношлуураа хүлээж авна

2020-01-25 0

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. Сайд амралтын энэ өдөр Халдвар, өвчин, судлалын үндэсний төвд ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн Баасан гаригт 24 настай орчуулагч эмэгтэйтэй хамт явсан хоёр хүний нэг нь сэжигтэй гарсан учраас санаачилгаараа шинжилгээ өгч, нэгдүгээр зэргийн хавьтал гэдэг утгаар тусгаарлаад байсан юм. Түүний шинжилгээний хариу мөн өдрийн 17.00 цагт гарч, шинэ короновирусийн халдваргүй болох нь тогтоогджээ. Монголд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын сэжиг илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Шинэ коронавирусийн нэг удаагийн эрсдэлийн үнэлгээ дунд эрсдэлтэй байна гэж гарсан бол хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ дундаас дээд өөрөөр хэлбэл өндөр эрсдэл рүү явж байна гэсэн дүгнэлт гарсан. Үүн дээр үндэслэж өчигдөр Улсын онцгой комисс хуралдсан. Ойрын өдрүүдэд өндөр эрсдэлтэйг батлах гурван удаагийн үнэлгээ хийнэ. ДЭМБ-аас БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй улсын тоонд оруулсан. Бид БНХАУ-тай хиллэдэг учраас өөрсдийгөө өндөр эрсдэлтэй улсын тоонд оруулж тооцох нь зөв ч өнөөдөр шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх лаборатори хангалтгүй түвшинд байна.

ХӨСҮТ 21 төрлийн вирус илрүүлдэг. Түүнээс аль нэг нь илрэхгүй бол тухайн хүнийг эрүүл байна гэж үздэг. Эсхүл 21 төрлийн вирусийн аль нэг нь илэрлээ гэхэд оношилж чаддаг. Хэрэв халуурсан амьсгаадсан, уушгины асуудалтай байгаа хүнд 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол шинээр үүссэн коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж таамаглаж байгаа. Одоогоор шинэ коронавирусийн халдвартай тохиолдол Монгол Улсад бүртгэгдээгүй ч бидэнд хамгийн тулгамдаж буй гол асуудал бол коронавирусийг оношлох тоног төхөөрөмж юм.

Өнөөдрийн нөхцөл байдалд бид шинэ коронавирусийн халдварыг оношлох боломжгүй. Коронавирус бол цоо шинэ вирус. Тийм учраас дэлхий бэлэн байгаагүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэр дундаа Япон, Америк, Герман улсууд хамтарч маш шуурхай оношлуур үйлдвэрлэж байна. Япон улс эхний оношлуурыг бүтээсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захиралтай өчигдөр  холбогдож, хамгийн түрүүнд Монгол Улсад оношлуурыг нийлүүлж өгөөч гэж хүссэн. Ирэх долоо хоногт гэхэд оношлуураа хүлээж авна.

Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд халдвараас хамгаалах хэрэгсэл хамгаас чухал. Шинэ вирусийн халдварыг хүнээс хүнд халдахгүй гэж ДЭМБ мэдээлсэн боловч БНХАУ-ын 14 эмч халдвар авснаар шинэ коронавирус ахуйн хавьтал болон агаар дуслын замаар халддаг нь тодорхой болсон.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын халдвар хамгааллын асуудал, маск, малгай, хувцас, ариутгалын бодис зэргийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шуурхай бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна.

Үүнээс гадна БНХАУ-тай хиллэдэг газар нутгийнхаа аймаг, сумдын эмнэлгийн бэлэн байдал, хүний нөөц, эм тарианы нөөцийг бэлдэх, оношилгооны төхөөрөмжөөр хангах худалдан авах зэрэг асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар шуурхай ажиллана.

Шинэ коронавирустэй холбоотой мэдээллийн нөхцөл байдал долоо хоногоор биш, өдөр цагаар өөрчлөгдөж байна. Тиймээс шинээр үүсч байгаа нөхцөлтэй уялдуулан ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг дахин сургалтад хамруулахад хөрөнгө мөнгө шаардлагатай бол Эрүүл мэндийн яаманд хандаж дэмжлэг авах боломжтой” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /

2020-12-09

Г.Баасан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүртэлх өртөгтэй бол авлигад тооцогдоно

Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баа

2020-12-09